Монгол Улсад, өнөөдрийн байдлаар 20,0 шахам сая хонин сүрэг үржиж жилд 20,0-22,0 мянган тонн ноос бэлтгэж байгаагийн 95-96 хувийг нь бүдүүн ноос эзэлдэг. Бүдүүн ноос нь ноолуур, завсрын үс, сор үс, хялгас үснээс бүтдэг. Ширхэгийн дундаж нарийн 32.0-40.0 мкм байдаг. Нийт хэмжээний 35-60 хувийг нь хялгас, сор үс эзэлдэг ийм бүтэцтэй ширүүн, жигд биш ноосоор хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нэн хязгаарлагдмал. Монгол хонины ноосоор гэрийн эсгий, эсгий гутал, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн /190.0 мянган метр эсгий, 9.0мянган хос эсгий гутал/ үйлдвэрлэж байна. Харин Монгол хонины I зэргийн ноосоор II зэргийн ноосыг бага хэмжээгээр хольж цэвэр ноосон хивс үйлдвэрлэдэг. /Жилд 800-900мян.м/ Монголд жилд бэлтгэх дээрх ноосноос 10 мянга орчим тонноор нь эсгий, хивс үйлдвэрлэдэг бол үлдсэн 10-12 мян.тонныг нь угаагаад БНХАУ-руу экспортод гаргадаг. Ойрын үед Монгол хонийг эрлийзжүүлж нарийн, нарийвтар ноост хонь руу шилжүүлэх процесс явагдахгүй төлөвтэй байгаа. Яагаад гэвэл Монгол хонь нь жилийн дөрвөн улиралд бэлчээрээр амьдардаг, Монгол улсын махны нийт хэрэгцээний 60 шахам хувийг хангадагтай энэ нь холбоотой. Ийм болохоор цаашид Монголд бэлтгэгдэж байгаа бүх ноосыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулахын тулд түүнийг одоо Англи, Герман,Япон зэрэг улс оронд дэлгэрээд байгаа туршлагад тулгуурлан “Барилга сантехникийн дулаалгын матегриал” үйлдвэрлэх чиглэлээр ашиглах нь оновчтой юм. Одоо Эрдэнэт Хивс, Сургалт судалгааны хүрээлэн дээр анхны туршилтууд амжилттай явагдаж байна. Энэ нь ойрын үед Монголын ноос боловсруулах салбарын үйлдвэрлэлийн цаашдын эрчимтэй хөгжлийг тодорхойлох чиглэл болно. Монгол улс Монгол үүлдрийн ноосныхоо зэрэгцээгээр 1943 оноос нарийн, нарийвтар ноост хонь үржүүлж эхэлсэн боловч өнөөг хүртэл олигтой үр дүнд хүрээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар, ердөө л 50-аад мянган толгой нарийн, нарийвтар ноост хонь үржиж жилд 80-100 тонн ноос бэлтгэ байна.