Photo

Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарт ноос, ноолуур тэргүүлэх байр суурьтай оролцох учиртайг уг салбарынхан “зарлан тунхаглахаар” зориг шулуудсан гэлтэй. Өчигдөр л гэхэд Соёлын төв өргөөнд ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэл эрхлэгчид, инженер техникийн ажилтнуудын төлөөлөл болох 2500 хүн оролцсон зөвлөлгөөн болсон. Мөн өдөр Төв аймагт орчин үеийн тоног, төхөөрөмжтэй “Могол ноос” үйлдвэр нээлтээ хийж, Монголд уул уурхайгаас өөр үйлдвэрлэл хөгжих боломжтойг харуулав. Тэгвэл Монголын ноос, ноолуурын холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, тус салбарынхан яагаад булт олноороо зөвлөлдөх болсон, хурлаас гаргасан санал зөвлөмж, хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монголын ноос, ноолуурын холбоо, “Говь”, “Ээрмэл”, “Буян”, “Осин” зэрэг үйлдвэрийн удирдлагууд “Монголд шавхагддаг баялаг ашигт малтмал биш, нөхөн үйлдвэрлэл явагддаг эдийн засгийн үр өгөөж өндөртэй ноос, ноолуур буюу “цагаан алт”-ны аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хаана хаанаа анхаарах цаг болсон” гэдгийг онцлов. Ийм сэдэвтэй асуудал өмнө нь ч олонтаа яригдаж ирсэн учраас шинэ содон сонсогдохгүй нь мэдээж. Гэхдээ Монгол Улсад уул уурхайн салбараас мөнгө “цутгаж”, Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгосон нь ийнхүү баялаг бүтээгчдийг дуу хоолой, эв санаагаа нэгтгэхэд хүргэсэн нь хуучин асуудал шинэлэг сонсогдоход хүргэж байгаа биз ээ. Бондын мөнгийг юунд, хэрхэн зарцуулах талаар төр, засгийнхан толгой өвтгөж буй энэ үед ноос, ноолуурын үндэсний үйлдвэрлэгчид ийнхүү дуу хоолойгоо гаргах нь зүйн хэрэг. Мөн Монголын эдийн засгийн чуулган ирэх сарын 4-5-нд Төрийн ордонд “Монголын брэндийг хэрхэн бий болгох вэ” сэдвийн дор болохын өмнө тус салбарынхан ийнхүү зөвлөлдөж, асуудлаа нэгтгэж байгаа нь цагаа олсон зүйл юм.

Зөвлөлгөөнд салбарын ажилтнуудыг өргөн оролцуулж тэдний саналыг авсан нь өмнөх зөвлөлгөөнүүдээс онцлог болсныг Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу тэмдэглэлээ. Энэ үеэр Монголын ноос, ноолуурын салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл танилцуулжээ. Үүгээр салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд 2013 оноос угаасан ноолуурын экспортыг, 2017 оноос самнасан ноолуурын экспортыг бүрэн зогсоож, дотоодын түүхий эдээр зуун хувь эцсийн бүтээгдэхүүн буюу бэлэн хувцас үйлдвэрлэж экспортлох том зорилт дэвшүүлж, чуулганд оролцогчид ч алга ташин хүлээн авчээ.

Монгол Улс өдгөө 20-иод сая толгой ямаатай бөгөөд жилдээ зэх зээлээс нийт 6000 тонн түүхий ноолуур бэлтгэдэг байна. Үүний дөнгөж 30 хувийг нь дотоодын үйлдвэрлэгчид авч, гүн боловсруулалт хийдэг. Үлдэж буй хэсэг нь урд хөрш рүү түүхийгээрээ гардаг гэсэн үг. Тийм учраас 2017-2020 оны хооронд ноолуураа дотооддоо зуун хувь эцсийн бүтээгдэхүүн болгоно гэсэн зорилт нь дэмжүүштэй том зорилт юм. Ноос, ноолуурын салбарынхан энэ зорилтыг нэлээд тооцоотой гаргасан учраас хэрэгжих боломжтой гэдэгт итгэлтэй байна. Учир нь, өдгөө Монголд “Говь”, “Гоёо”-гоос эхлээд том, жижиг нийлсэн 250 гаруй боловсруулах үйлдвэр бий аж. Харин тэдэнд жилийн жилд эргэлтийн хөрөнгө дутагддаг учраас хятадуудтай “Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцах” шахам болж базаасан түүхий эд нь чамлалттай байдаг гэх. Хэдийгээр “Говь” мэтийн компани олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар техник технологийн шинэчлэл хийж байгаа ч жилийн 15-20 гаруй хувийн хүүтэй дотоодын банкуудын бизнесийн зээлийн дороос босож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь тун хүндрэлтэй асуудал гэнэ. Тиймээс тэд дээрх том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн дэмжлэг нэн яаралтай хэрэгтэй байгааг дурдаж байв. Энэ салбарыг төр, засгаас хардаггүй биш хардаг. 2011 онд гэхэд л ноолуурын салбарт 100 тэрбум ам.долларын бондын хөрөнгөөр дэмжсэн. Үүний үр дүн юу байсан бэ гэдгийг өчигдрийн чуулганаараа хэлэлцээд авчээ. Оролцогчид “Ноолуурын салбарын үйлдвэрлэл сүүлийн хоёр жилд 30 хувиар огцом нэмэгдсэн нь дээрх бондын хөрөнгөөр төрөөс дэмжсэн дэмжлэгийн үр дүн юм. Зөвхөн манай салбар төдийгүй хөнгөн үйлдвэрийн бусад салбарт ч үүний дам нөлөө багагүй байсан. Гэхдээ улирлын чанартай, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрийн нэг удаагийн дэмжлэгээр хөл дээрээ босч, цаашдын тогтвортой хөгжлийг бий болгож чадахгүй гэж үзсэн ” хэмээн Ёндонсамбуу ерөнхийлөгч хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэгвэл энэ салбарт төрийн ямар дэмжлэг шаардлагатай байна вэ. Нэгдүгээрт, үйлдвэрлэл эрхлэгчдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих. Жилийн 6-7 хувийн хүүтэй, урт хугацаатай зээл төрөөс үзүүлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад хаяглахаар болжээ. Нэг үгээр хэлбэл, Чингис бондын мөнгөнөөс ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд өгөхөд эргэн төлөлт нь баталгаатайгаас гадна эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд тустайг онцлов.

Хоёр дахь тулгамдаж буй асуудал нь түүхий эдийн хангамж. Энэ өвөл, хаврын цаг агаарын төлөв байдлаас ажихад Монголын ямаан сүргийн тоо толгой сүрхий хорогдож болзошгүй гэж үзэж салбарынхан таамаглаж байна. Түүнчлэн манай ноолуурын салбарын гол өрсөлдөгч БНХАУ сүүлийн жилүүдэд цөлжилттэй холбоотойгоор ямааныхаа тоо толгойг бодлогоор эрс цөөрүүлсэн нь Монголын дотоодын түүхий эдийн өрсөлдөөн улам ширүүснэ гэсэн үг.

Гуравдугаарт, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээний хувьд Монголын ноолуурын үйлдвэрүүдэд асуудал бий. Сүүлийн жилүүдэд ноолууран бүтээгдэхүүний дотоод, гадаад захиалга эрс нэмэгдэж байгаа ч мөнөөх эргэлтийн хөрөнгөдөө тааруулж, таталдаж авсан чимх түүхий эдийнхээ хэмжээнд захирагдахаас аргагүй байдаг гэнэ. Түүнчлэн нэгэнт түүхий эд нь хүрэлцээгүй учраас зарим үйлдвэрлагч урд хөршөөс ноолууран утас импортолж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь чанарт муугаар нөлөөлж байгаа аж.

2020 он гэхэд ноолуураа дотооддоо зуун хувь гүн боловсруулалт хийх аваас жилдээ зургаан сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэнэ. Өдгөө 1.2 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Хэрвээ үйлдвэрлэгчдийн дэвшүүлсэн дээрх сайхан зорилт биелэх тохиолдолд өнөөдөр 40-60 хувьтай яваа эцсийн бүтээгдэхүүний экспорт даруй 90 хувьд хүрэх юм байна. Дэлхийн зах зээлийн ноос,ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсээр буй учраас ямаан сүрэг тал дүүрэн бэлчсэн манай улс дотоодын үйлдвэрлэлдээ анхаарах шаардлагатай нь эндээс харагдах болов уу.

Газар тариалангийн салбарт “Атрын III аян” зарлаж, гурван жилийн дотор хөл дээр нь босгосон шиг цагаан алтны үйлдвэрлэл гэгддэг ноос, ноолуурын салбараа дээрхийн адил төрөөс дэмжиж, богино хугацаанд босгож ирвэл бондын хөрөнгийг ингэж үр дүнтэй зарцуулсан гээд нүүр бардам сууж болох л юм.